Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Эцэг, эх, хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүд алба хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч, “Хүүхэд дулаан гэр бүлийн үндэс” өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр дүүрэн эерэг харилцааг бэржүүлэх, тогтвортой байдлыг хангах, эцэг, эхийнхээ ажил, албаар бахархах, хүүхдийн оюун ухаан, авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээг нээж, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч М.Одбаяр хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүлж, эрдэм номдоо шамдан суралцаж, эх орондоо ихийг хийж бүтээсэн, ээж аавдаа ачлалтай, чадварлаг, бие даасан сайн хүн болон төлөвшихийн ерөөл өргөхийн ялдамж байгууллагын үйл ажиллагаа хуулийн хүрээнд жигд явж байгаа нь ар гэрийн гишүүн болгоны чухал оролцоо байдаг гэдгийг цохон тэмдэглээд талархал илэрхийллээ.
Арга хэмжээнд дэд ахлагч Ц.Мөнхцэцэгийн хүүхэд нь морин хуурын, дэд хурандаа С.Энхбат, дэслэгч Ц.Мөнхбаяр нарын хүүхдүүд бишгүүр хөгжмын мэдчилгээ дэшүүлсэн бол ахлах дэслэгч Д.Найданбатын хүүхэд ая дууны мэндчилгээг хүүхэд багачууддаа зориулан өргөн барилаа.
Энэ үеэр алба хаагчид, гэр бүлээрээ 500 гаруй улиас, хайлаас, шар хуайс мод тарьсан нь тэдний сэтгэлд хүрсэн арга хэмжээ болсон бөгөөд цаашид гэр бүлээрээ тарьсан модоо арчилж, хамгаалахаа амалж байлаа.
УХААЛАГ УЛСЫН ИРЭЭДҮЙ - ИРГЭН
УХААЛАГ ИРГЭНИЙ ИРЭЭДҮЙ - ХҮҮХЭД