“ЭРҮҮГИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА" СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран "Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг өнөөдөр (2024.04.19) зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч М.Одбаяр, Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ч.Бямбажаргал,  Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат, Прокурорын газрын хяналтын ахлах прокурор, хууль цаазын зөвлөх М.Үрэлцэцэг, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн ахмад Ш.Бямбасүх болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, Прокурорын газраас хяналт тавих чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хяналтын болон шалгалтын явцад илэрч буй нийтлэг зөрчлийг арилгах, алба хаагчийн сэтгэл зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, ажлаас халшрах хам шинжийн судалгаа авах, тэдний санал хүсэлтийг сонсох зорилготой юм.

Энэ үеэр “Алба хаагчийн сэтгэл зүй, харилцаа хандлага”, “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь”, “Цагдаагийн саатуулах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, цаашид анхаарах асуудал”, “Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хяналтын болон шалгалтын явцад илэрч буй нийтлэг зөрчил”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журмын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Хамтарсан зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, цаашид ял эдлүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар тогтлоо.

 

  

Add comment

reload, if the code cannot be seen